Saturday, October 29, 2016

Энгийн хувьцаа энгийн бус ашиг

Би ном уншихлаар нойр хүрээд байдаг болохоор ихэнхдээ сонсдог ном сонсохыг илүүд үздэг. Нэлээд хэд хоногийн өмнө энэхүү "Common stock, uncommon profits" гэдэг номыг youtube-ээс сонссон юм. Энэ номонд ямар компанийн хувьцаанд хөрөнгө оруулах нь зөв бэ гэдэг тухай гардаг.

Яагаад энэ номыг унших болсон: Мэргэшсэн санхүүгийн шинжээчийн CFA шалгалтыг ойрын хугацаанд өгөхөөр шийдсэн бөгөөд 300hours.com гэдэг сайтад бүртгүүлсэн юм. Энэ сайт юу юу хийх яаж бэлдэх талаар их боломжийн, цэгцтэй, үнэгүй заавар зөвлөгөө хийх ажлын жагсаалтаар хангадаг учраас олон юманд самгардалгүй хийх ажлуудыг нь яг дарааллаар нь хийж эхлэхээр шийдсэн билээ. Хамгийн эхний унших материал нь энэ ном байлаа.

Агуулга: Зөв менежменттэй, сайн засаглалтай, ажилчиддаа хөрөнгө оруулдаг, тэднийг сонсдог, байнга хөгжиж байдаг тийм л компани ирээдүйд өсч хөгжинө. Харин ийм мэдээллийг хаанаас яаж олж авах вэ? Энэхүү номын зохиогч Фил Фишер нь харилцааны өндөр чадвартай, хүмүүстэй яаж харилцахаа, хэрэгтэй мэдээллээ яаж олж авахаа мэддэг нэгэн байсан нь түүний эдгээр мэдээллийг олж авахдаа санал болгосон арга аргачлалуудаас нь хялбар харж болох юм. Түүний санал болгосон санаануудаас дурдвал тухайн компанид ажиллаж байгаад гарсан хүнтэй ярилцлага хий, дарга захиралтай нь уулз, гэхдээ дотор нь ажиллаж байгаа хүнтэй эхлээд ярилц. Яагаад гэвэл захиралууд бодит байдлыг хөөрөгдүүлж худал мэдээлэл, сэтгэгдэл төрүүлж болох.

Тухайн компани судалгаа хөгжүүлэлтэнд анхаардаг үргэлж хөгжиж байдаг, ажилчдаа хөгжүүлдэг, тэдэнд итгэдэг, эрүүл зөв уур амьсгал харилцаатай, уян хатан, эрсдэлд хэр тэсвэртэй бодлоготой, ашгийн түвшингээ нэмэгдүүлэх талаар юу хийдэг, зардлын шинжилгээ, Гүйцэтгэх захирал нь ирээдүйдээ хэр итгэлтэй, нэг удирдлагаас хараат үйл ажиллагаа явуулдаг эсэх, ямар өрсөлдөөний давуу талтай, урт болон богино хугацааны төлөвлөлт, хөрөнгө оруулагчидтайгаа сайн муу бүх юмаа хуваалцдаг эсэх зэргийг судалж хөрөнгө оруулах нь хамгийн чухал.

Ямар хувьцаа худалдан авах вэ? Ирээдүйд үнэ цэнэ, ашиг орлого нь өснө гэж таамаглаж буй. Дээрх үндсэн нөхцлүүдийг бүрдүүлсэн, хувьцаа нь өснө гэж таамаглаж буй бол хөрөнгө оруул. Ер нь бол судалгаагаа сайн хийгээд зөн совиндоо итгэх юм шиг байгаан.

Хэзээ хувьцаа худалдан авах вэ? За тэгээл мэдээ, засгийн газрын шийдвэр, инфляци зэргийг харж байгаад л хэзээ зөв гэж үзсэн тэр үедээ ав гэж байна.

Хэзээ авч хэзээ зарах вэ? Хөрөнгө оруулагчийн сэтгэлзүйн үүнд маш их нөлөөлдөг. Өндөр үнээр худалдаж авчаад буугаад байхлаар нь арай үгүй байлгүй дээ буцаад өсчих байлгүй гээд хүлээсээр байгаад бүр их алдагдал хүлээх магадлалтай, Ер нь тэгээд зөв гэж бодсон үедээ авах эсвэл зарах хэрэгтэй. Сайн л судалж, мэдрэх л хэрэгтэй юм байна. Тухайн компанийн ашиг яагаад буурсан тэр нь түр зуурынх уу гэх мэтчилэн.

За ямар хувьцаанд хөрөнгө оруулахгүй байх вэ? Урамшуулалд их мөнгө зардаг, хүн бүр зараад байгаа болохоор, эсвэл жилийн тайланг нь уншаад мундаг компани шиг санагдуулж байгаа болохоор, өндөр үнээр зарагдаж байгуу учраас, стрессээс болоод, цуу ярианаас болоод, бусад хүмүүс тийм сонголт хийж байгаа учраас зэрэг өнгөц шалтгаанаар хувьцаа худалдан авах хэрэггүй. Тухайн компанийн талаар ямар ч мэдээлэлгүй байгаа бол хөрөнгө оруулах хэрэггүй.

За тэгээл судалгаа, судалгаа, бас дахин судалгаа. Менежментийг нь судал, Жижиг компанид нэг хүний зөв байдаг, харин том компанид нэг хүний зөв байдаггүй. Хамгийн бага, хамгийн оновчтай зардал гаргадаг компанийг сонго, тэд юунд хөрөнгө оруулдгийг судал, хувьцаа нь бодит үнэ цэнээсээ хэр зөрүүтэй байгааг судал, хөөрөгджүү, бага үнэлгээтэй байна уу? Санхүүгийн үзүүлэлтүүдийг нь судал, салбарын өсөлтийг нь судал,

Зохиогч нь өөрөө 1920-иод оны үед анх бараг хөрөнгө оруулалт, санхүүгийн шинжээч гэдэг мэргэжил гараагүй, байгууллагууд банкууд зүгээр бараг тооцоо судалгаагүй хувьцаанд хөрөнгө байхад Пенсилванийн их сургуульд сурч байхдаа ажлын урилга авч сургуулиасаа гараад хөрөнгө оруулалтын шинжээчээр статистикч гэдэг албан тушаал дээр ажиллаж байгаад өөр банкинд бас урилгаар ажиллаж байгаад сүүлд өөрийн маш бага орлоготой санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниа байгуулж байснаа дурьддаг.

Энэ хүний амьдрал нь санхүүгийн зах зээлийн хөгжилтэй салшгүй холбоотой, бараг түүхийг нь бичилцсэн нэгэн гэж хэлж болохоор юм.

Friday, July 29, 2016

Book Review: Unstoppable confidence

Өнөөдөр Kent Sayre гэдэг зохиолчийн бичсэн Unstoppable confidence гэдэг номыг уншлаа. Тун сонирхолтой байсан бөгөөд шууд л өөртөө итгэлтэй нэгэн болоход жаахан л чармайлт шаардлагатай ба өөртөө итгэлтэй болох процесс нь өөрөө их сонирхолтой юм байна гэж санагдлаа.

Kent Sayre нь компьютерийн чипний үйлдвэрт 9 жил инженер хийснийхээ дараагаар Hypnotherapist болж хувийн бизнесийг эрхэлж байна. Хүн ингэж л өөрийн хүсэл мөрөөдлийг олдог. Хүн нэгэнт энэ замыг сонгосон энэ замаар л явах ёстой гэж биш маш уян хатан байж өөрөө өөрийгөө хайх эрэл сурлыг олон олтлоо хэзээ ч зогсоож болохгүй гэдгийг амьдралаараа харуулжээ. Би түүнийг хийж байгаа ажилдаа дуртай, амьдрал нь бүхэлдээ амралт шиг байдаг гэдэгт эргэлзэхгүй байна.



За номын агуулга хэсэг рүү оръё. Ном бол бүхэлдээ өөрөө өөрийгөө гипноздах байдлаар өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх арга барилд суурилсан болно. Хүн өөрөө өөртөө л итгэх юм бол бусад хүмүүс чамд автоматаар итгэж эхэлдэг. Хорвоо ертөнцийг төгс гэж бодоод энэ дэлхий чамайг хүссэн зүйлдээ хүрээсэй гээд чамд туслахад бүгд бэлэн байна гэж бод.

5 жилийн төлөвлөгөө
5 жилийн дараах өөрийгөө төсөөл. Бүр өнгөтөөр бодитоор. 5 жилийн дараах Resume-ээ бич. Хэвлэж гаргаад тэрийгээ унш. Сэтгүүлийн нүүрэн дээр өөрийгөө фотошопдож оруулээд хэвлээд гарга. Мэдээж хэрэг боломжтой. Энэ санаа хэрэгжүүлэхэд хамгийн хялбар бөгөөд маш сонирхолтой байна.

Төсөөл.
Энд төсөөллийн талаар маш их зүйл бичигдсэн байсан. Өөрийгөө маш өөртөө итгэлтэй байна гэж төсөөл. Ямар санагдаж байна. Юу мэдэрч байна. Би бусад бүх хүмүүст таалагдаж байна. Өөртөө би итгэлтэй бол ямар байдалтай байх вэ? Ямар харагдах вэ? Яаж зогсох вэ? Тэр бүхнийг мэдэр. It will definitely feel good.

Бас өөрийгөө аймар хөгширчихсөн, хэн ч биш байна, зорилгоо биелүүлээгүй байна гэж төсөөл. Тэр муухай мэдрэмжийг мэдэр. Би тийм байдалтай болохгүй юм шүү гэмээр санагдтал төсөөл.

Өнгөрсөнг төсөөл. Хэрэв би өнгөрсөнд ингэсэн байсан бол одоо ийм байдалтай байх байсан юм гэж төсөөл. Өнгөрсөн амьдралынхаа он цагийн хэлхээсийг гарга. Энэ хугацаанд хэрэв би ийм ийм юм хийсэн бол ингэх байсын. Өнгөрсөн хугацаанд чадахгүй ч гэсэн хэд хэдэн удаа олны өмнө гараад илтгэл тавьсан бол би одоо нүүр хагарчихсан байх байсан зэргээр. Ямар нэг арга хэмжээн дээр үг хэлэхдээ бүтэлгүйтсэн бол илүү сайнаар яаж хэлж болох байсан бэ гэдэг дээр байнга бодож давт.

Дүр эсгэ.
Өөртөө итгэлтэй юм шиг дүр эсгэ. Нэг л мэдэхэд чи үнэхээр өөртөө итгэлтэй болсон байх болно.

Дотоод би-г удирд
Чамайг мэдэхгүй, чадахгүй, тэнэг гэж хэлж байгаа дотоод би гэж байгаа. Түүнийг анхаар тэр хаанаас дугараад байна. Ямар хоолойтой байна. Түүний хоолойны өнгийг өөрчил. Mickey mouse дугараад байгаа юм шиг болго. Түүний дуу хоолойг бүдэгрүүл бүр сонсогдохгүй болго. Харин чамайг чадна, болно, бүтнэ гэж хэлж байгаа тэр дуу хоолойны өнгийг чангаруул. Өөрийгөө толинд хараад өөртөө итгэлтэй поз аваад, өөрөө өөрийнхөө нүд рүү хараад чи чадна, мундаг байна, сайхан харагдаж байна гэж хэл.

Үгсийн сан.
"Хичээнэ" биш "би хийнэ" гэж хэл. "Болно гэж итгэж байна" биш "энэ зүйл болох болно" гэж хэл. "гэхдээ би ойлгоогүй байна" биш "би арай ойлгоогүй байна" гэж хэл. Би тэгэх "ёстой, байх" биш би тэгж "чадна эсвэл чадахгүй" гэж хэл. Эдгээр үгсийн сонголт бусдад чамайг илүү өөртөө итгэлтэй шийдэмгий харагдуулах ба өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. "эргэлзээгүй, мэдээж, ойлгомжтой" зэрэг шийдэмгий үгсийг тогтмол хэрэглэ. Дасгал хий.

Бусдын нүд рүү хар
Хэн нэгэн найзтайгаа, эсвэл харьцахад хялбар нэгний нүд рүү 5 мин ширт. Дундуур нь инээх эсвэл сатаарах юм бол дахиад эхнээс нь эхэл. Өөртөө итгэлтэй хүний нүд хурц байх ёстой.

Бусдаас өөртөө итгэлтэй байдлыг зээл
Өөртөө загвар жишээ болохуйц хүн ол. Түүнтэй аль болох ойр бай. Тэр хүн биеэ яаж авч явж байна. Яаж ярьж байна. Дуурай. Өөрийгөө тэр хүний оронд төсөөл. Тэгээд буцаад өөрийн биед ирэхдээ тэр хүнээс өөртөө итгэлтэй байдлыг нь авч ир.

Бусад хүмүүстэй яг тэдний түвшинд тохируулан харьц
Хүн чанга ярьж байвал сул ярь. Сул ярьж байвал чанга ярь. Бүдүүлэг байвал адилхан бүдүүлэг бай. Ухаалаг байвал адилхан ухаалаг бай. Хүн өөртэйгөө ижил түвшний хүнтэй харьцахдаа илүү дуртай байдаг. Бас итгэдэг. Зүгээр идэвхгүй сонсогч битгий бай. Хүний хэлсэн үгний сүүлийн 2-3 үгийг давтаж хэлэн ойлгож байгаа сонирхож байгаагаа илэрхийлж идэвхтэй сонсогчийн байр суурьт бай.

Хэзээ ч бүү бууж өг.
Хүүхдээс суралц. Тэд хэзээ ч бууж өгдөггүй. Эхний удаа алхаж чадаагүй тиймээс бууж өглөө гээд больж байсан хүүхэд харсан нь эхний алхам үргэлж хэцүү байдаг. Алдаа хий, дахин дахин хий

Яг одоо хий.
Ямарваа нэг ажил байвал яг одоо хий. Энэ нь чиний бодол санааг өнгөрсөнд эсвэл ирээдүйд байлгахаас сэргийлдэг. Аливаа зүйлийг дадал болго. Амьдралын дадлууд амьдралыг илүү хялбар болгодог.

Мотиваци
Өмнө нь өөрөөрөө бахархсан өөртөө итгэлтэй байсан тэр туршлагаа сана, мэдэр. Мотивацижуулах хөгжим, дуу сонс. Ангаа отож буй ирвэсийг хар, тэр ямар өөртөө итгэлтэй байна. Өөрийгөө түүний оронд төсөөл. Нүдийг нь, биеэ яаж авч явж байгааг хар, мэдэр. Эрсдэлтэй зүйлсийг оролд. Чөлөөт уналт хий. Олны өмнө гарч ярь. Өөрийн хамгийн айдаг зүйлсийг хий. Энэ хорвоо дээр юуг ч хийж болмоор санагдана.

Цагийг зөв ашигла
Өөрийнхөө цаг ашиглалтыг судал. 30 минут тутамд юу хийснээ бод тэмдэглэ. Үр дүн нь маш сонирхолтой гарна. Хэдий хэр хугацааг юунд зарцуулж байна. Хэрэггүй зүйлд зарцуулж байгаа зүйлсээ багасга. Бусдаар хийлгэх боломжтой ажлыг хуваарилж өг. Өдөр бүр зорилт тавь. Нэг өдөр би өөртөө итгэлтэйгээр ярьна. Нэг өдөр би өөртөө итгэлтэй биеэ зөв авч явна. Нэг өдөр би зөв дохио зангаа хэрэглэнэ.

Өөрийгөө хүндэл
Чамтай 24 цагийн турш өдөр бүр хамт байх хүн бол чи өөрөө. Өөрийгөө хүндэл. Уян хатан бай. Хөгжилтэй бай. Өөрөө өөрийгөө хэт их битгий хүндрүүл. Өөртөө итгэлтэй болох дадлаа сонирх өөрт хөгжилтэй сонирхолтой байдлаар хий.

За тэгээд эцэст нь номын зохиолч Mark Victor Hansen-ний  "One minute millionaire" гэдэг номыг уншихыг зөвлөлөө. Чадвар болон өөртөө итгэлтэй "competence and confidence" байдал хоёр ялгаатай юм. Мэддэгээ мэддэггүй, мэддэгээ мэддэг хоёр хүний алгаа нь өөртөө итгэлтэй байдалд оршино.



Saturday, July 9, 2016

Хараал идсэн Берлин

Энэхүү номонд Берлинд математикийн чиглэлээр суралцахаар ирсэн Итали Бүсгүйн амьдралын тухай гардаг. Тэрээр Берлинд анх ирээд зөөгч хийдэг байсан ба удалгүй найз залуу болох Ладятай танилцдаг. Ладяг биеэ үнэлдэг гэдгийг мэдмэгцээ дахин ийм зүйл хийхгүй гэсэн ам өчгийг авсан боловч өөрөө эцэст нь байр хоол сургалтын төлбөрөө олох мөн эрхэлсэн ажилгүй найз залуугаа тэжээхийн тулд биеэ үнэлэхээс өөр аргагүй байдалд орно.

Номын ихэнх хэсэгт шөнийн дэнлүүний гудам болон үйлчлүүлэгчдийнх нь тухай гарах ба хэний ч хүсээд байхааргүй тэр ертөнцийн талаар өгүүлэх боловч ном бүхэлдээ маш энгийн үг хэллэг, сонирхолтой өрнөлүүдийг агуулна. Ангийнхаа найзуудаас өөрийн энэхүү хоёрдогч амьдралын тухай нууж, их сургуулиа амжилттай төгсөн төгсгөлд нь эгэл жирийн хүний амьдралаар амьдарч эхэлдэг.

Энэ номноос онцлох санаанууд гэвэл: Секс бол хэрэгцээ бөгөөд хайр сэтгэлтээс ангид. Тоо томшгүй олон залуутай бэлгийн харилцаанд ордог боловч сэтгэлдээ нэг л хүнд үнэнч. Ямар нэг үйлчлүүлэгчид сэтгэл татагдах үедээ Ладяг араар тавьсан мэт болж гэм буруутай санагддаг гэж гардаг. Бараг ихэнх хүмүүс байж боломгүй зүйл гэж хүлээж авах байх.

Өөртөө итгэх итгэл хамгийн чухал. Монголд бол хэнд ч хэрэггүй нэгэн болж ад үзэгдэн өөрийгөө хог шавхруунаас дорд үзнэ. Гэтэл энэ Европчууд яаж ч доошоо орж байсан гэсэн өөртөө итгэх итгэл гэдэг зүйлийг хэзээ ч хаяахгүй хүмүүс болтой. Бүр энэ талаараа ном бичээд алдартай болох жишээний. Энэ номын гол дүрийн эмэгтэйг би бас тийм ч үзэн ядахгүй, харин ч хүндэлж байна. Бодвол тухайн хүний итгэл үнэмшил юу хийж байгаагаас нь чухал байдагт байх. Яг л хэн байсан чинь чухал биш хэн болж чадах чинь чухал гэдэг шиг.

Хүнийг хүн гэж үзэх үзэл. Тэрээр биеэ үнэлэгч байсан. Гэхдээ түүний үйлчлүүлэгчид нь түүнд ямар элэгсэг дотно байна гээч, мэдээж зарим нэг хүмүүсийг эс тооцвол. Бүр нэг үйлчлүүлэгчийнх нь бие муудаад эмнэлэгт хүргүүлсэн чинь эхнэр нь биеэ үнэлэгч рүү нь залгаж дуудаад дотны хүнтэйгээ салах ёс гүйцэтгэж байгаа юм шиг үйл явдал болно. Гэхдээ тэр өвгөний бие сайжирсан бөгөөд гэр бүлийнхэн найз нөхөдтэйгөө оройн хоолонд дотно хүмүүс шиг элэгсэг дотно ярилцаж өнгөрүүлдэг. Ер нь хувцасаа тайлчихсан хүмүүс нууж хаах зүйлгүй хамаг юмаа чалчиж гардаг ба бараг л networking хийгээд байх жишээний. Та хэн байгаад хэнтэй ч харьцаж байж болно. Гэхдээ хүнийг хүн гэж хүндэлж харьцах нь хамгийн сайхан.

Ажил хийнэ гэдэг бол сургалт. Сониа сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллах анхны ажлын ярилцлагад орно. Тэрээр гайхалтай тайван бас харилцагчаа үгэндээ оруулах чадвар төгсөөр бүх асуултанд хариулж ажлын ярилцлагадаа шууд тэнцдэг.

Ханиа зөв сонгоход хэзээ ч оройтохгүй. Ладя, Сониа хоёр бие биенийхээ асуудалд оролцохоо больсноос эхлэн тэдний харилцаа аажмаар хөндийрдөг. Энэ номонд Ладя заваан залхуу, ажилгүй, амьдралын зорилгогүй нөхөр гэж гардаг. Гэхдээ энэ бүхэнд Сониа өөрөө ч буруутай байж магад. Амьдралаа залгуулахын тулд хэрхэх талаар Ладятай огт зөвлөлдөлгүй, бүх ачааллыг өөр дээрээ авч байсан нь Ладяг тийм байдалтай болгосон ч байж мэднэ. Нөгөө талаар Сониа Ладятай учирснаас хойш л биеэ үнэлэгч болсон. Нэгэнт түшиггүй залуугаас эрт салсан бол ийм зүйл хийж амьдрах шаардлагагүй байсан ч байж болох юм. Нүдэндээ бүү итгэ, мулгуу сэтгэл зүрхээ бүү дага.

Monday, May 2, 2016

Баялаг

Дэлхий дээрх баялаг хязгаарлагдмал. Нийт дэлхийн ДНБ болох 73.870 сая долларыг дэлхийн хүн амын тоонд хуваагаад харвал сард нэг хүнд 858 доллар буюу 1.58 сая төгрөг ногдож байна. Энэ бол дэлхий дээрх хамгийн шудрага баялаг хуваарилалт юм. Энэ тооцоонд нэг хүний цаана эхнэр хоёр хүүхэд гэдэг үзүүлэлт нэмье. (Энд тэтгэвэрийн насны эцэг эхийг оруулаагүй шүү.) Нэг ёсондоо гэрийн эзэн гэдэг хүн дөрвөн хүний буюу сард 6 сая төгрөгний цалинтай байж байж дэлхий дээрх хамгийн шудрага баялаг хуваарилалтыг хүртнэ. Гэтэл дэлхийн хүн амын 1% нь баялагийн тал хувийг эзэмшиж байна. Дэлхий дээрх хамгийн баян хүн сард 12 их наяд төгрөгний орлоготой. Энэ хүн 7.7 сая хүний баялагийг дангаараа хүртэж байна гэсэн үг. Харин тэр 7.7 сая хүн Африкт эсвэл траншанд архи уугаад хэвтэж байгаа, бас та бид хоёр ч гэсэн үүнд мөн хамаарна.

Гэхдээ амьдрал бол шудрага. Хэн илүү их хичээж зүтгэнэ тэр хүн илүү их баялагийг хүртэнэ. Энэ бол хууль.

Хэдий тийм боловч нэг зүйлийг бодох хэрэгтэй. Хүн хөдөлмөрлөөд баяжиж болох боловч дэлхийн дунджаас дээш гарч байгаа 1 доллар тутам чинь өөр нэг хүнийг мөнгө юм шүү гэдгийг. Дэлхийн дунджаас илүү гарсан нэг доллар тутмаа тэр нэгэн хамгийн бага баялаг хүртэж буй тэр нэгэнд өгөхийг үргэлж санаж байя. LET'S GIVE.

Хүний сайхан сэтгэл

Амьдралд заримдаа үнэхээр талархууштай зүйлс их тохиолддог. Тэдгээр зүйлсийг тухайн үедээ мэдэрч, үнэхээр сэтгэл хөдөлсөн хэрнээ бараг минутын дотор тэр мэдрэмж замхран алга болно. Өнөөдөр миний юу мэдэрснийг маргаашийн би бараг санахгүй байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ мэдрэмжийг блогтоо мөнхлөн хэзээ нэгэн маргаашийн би эргэж олж уншаад аз жаргалыг мэдрээсэй гэж хүснэм.

Банкинд ажиллаж буй хүмүүс бол яг л робот шиг. Тэд миний онлайнаар эсвэл АТМ-ээр хийж болох гүйлгээг хийж өгнө. Машинаас ямар ч ялгаа байхгүй. Би тэднийг танихгүй тэд намайг танихгүй. Бид бараг мэндлэхгүй. Тэд инээмсэглэх боловч чин сэтгэлээсээ биш. Энэ нь тэднийг роботоос өөрцгүй санагдуулна. Би ч гэсэн тэдний хувьд ажил шиг харагддаг байх. Миний асуудал тэдгээр хүмүүст ямар ч хамаагүй бөгөөд хүнд тусалсныхаа төлөө хариуцлага алдаж хоолноосоо салахыг хэн ч хүсэхгүй. Гэхдээ бид бол хүмүүс. Миний жижигхэн асуудлыг нүдээ аниад өнгөрөөх боломж байсан ч боломж гаргалгаа сүвэгчлэн туслах гэсэн тэр чин сэтгэлд үнэхээр талархаж байна. Эргээд харахад миний асуудал тийм сүртэй байгаагүй ч тэрхэн үед мэдэрсэн тэр аз жаргал хамгийн үнэ цэнэтэй нь юм.

Энд миний ажил хэрхэн бүтсэн талаар бичих гэсэнгүй. Илүү олон хүмүүс бие биедээ туслаасай гэж хүслээ. Яагаад гэвэл аз жаргалыг зөвхөн хүн хүнээс л олж авдаг. Амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Бид бие биедээ сайхан сэтгэл гаргаагүй гээд миний амьдрал нуран унахгүй. Гэхдээ амьдралд тохиолдох жижиг жижиг чимэг зүйлсэд байнга талархаж амьдралын амтыг бусдад түгээвээс энэ нийгэм өөрөө жаргалын орон билээ.