Thursday, October 17, 2013

1Q84 номын тэмдэглэл

1Q84 гэх энэхүү зохиол нь зэргэлдээ орших хоёр ертөнцийн талаар өгүүлнэ. Зохиол бүхэлдээ учир битүүлэг үйл явдлуудаар өрнөх бөгөөд бидний хувь тавилан цаанаасаа зурагдсан эсвэл хэн нэгний төлөвлөгөөний дагуу өрнөж буй мэт санагдах бөгөөд хоорондоо ямар нэгэн сэжимээр холбогдох тус тусдаа үйл явдал болон хүмүүсээр дүүрэн байх ажээ. Энэхүү зохиол нь 3 ботиос бүрдэх бөгөөд энгийн үг хэллэг, учир битүүлэг үйл явдлууд нь ой тойнд урсан орж тэрхүү зэргэлдээ орших ертөнцийн дүрслэлд автуулан нэг л мэдэхэд төгссөн байх. Төгсгөл нь хэдий аз жаргалтай ч тайлагдаагүй үлдсэн нууцыг өөрөө таамаглан хүн бүр хувь хувьдаа дүгнэж нэг хэсэгтээ учир шалтгааныг тунгаан бодлоо чилээх хэрэгцээтэй болох нь дамжиггүй юм. За арай уянгалуулцан уу гайгүй байгаа.

Зохиолын гол дүр бол Аомамэ хэмээх 30 орчим настай бүсгүй. Тэр бүсгүй үзэмж гоо төгс биш ч бусдын сэтгэлийг татах увьдастай, өөртөө итгэлтэй, эрүүл чийрэг мөн ухаантай эмэгтэй юм. Зохиолч Мураками Харүки хэдийгээр түүнийг бусдын сэтгэлийг татах увьдастай гэж дурьдаагүй ч уншигч авхай миний төсөөллөөр ингэж л дүгнэх байна. Үг дуу цөөтэй, хянуур мэргэжлийн. Аомамэ 10 настай байхдаа сэтгэлтэй болсон Тэнго гэгч залуутай хувь тавилангаар учрах бөгөөд 1Q84 ертөнц тэр хоёрыг учруулна. Тэнго ч түүнийг хэзээ ч мартаж байгаагүй бөгөөд түүнийг хайх тухай хүртэл бодож явдаг. Бодит амьдрал дээр яагаад ч бүтэхгүй бараг тэнэглэл мэт санагдана. Зохиол тэр чигтээ фантази шиг байсан гэж бас дүгнэх хэд хэдэн үндэслэлүүдийн нэг нь энэ юм. Үүнээс гадна Аомамэ түүнтэй уулзаагүй байж түүнээс жирэмсэлнэ. Яаж энэ ертөнцөд орж ирснээ Аомамэ мэддэг. Бас хүүхдээ Тэнгогийнх гэдэгт бат итгэлтэй байгаа зэрэг олон сонин явдлууд нь магадгүй зөвхөн 1984 онтой зэрэгцэн орших 1Q84 ертөнцид л боломжтой байх.

Мөн энд бүх зүйлсийн зангилаа болж буй Сакигакэ шашны байгууллагын тухай дурьдахгүй өнгөрч болохгүй. Шашны тэргүүн нь little people-н дуу хоолойг сонсдог байсан. little people-ийг миний хувьд чөтгөр гэж дүгнэсэн бөгөөд бурхан цаанаас нь энэ хүчирхэг байгууллагыг нураан унагах зорилгоор энэ бүх үйл явдлыг эхлүүлсэн /таамаг/. Шашны тэргүүний охин түүнд ажилладагт эргэлзэх зүйлгүй. Бурхны талаар энэ 3 боть 1000 хуудастай номонд тал хуудас л учир битүүлэг өгүүлэх бөгөөд бүх зүйлийн учир зангилааг тайлж өгсөн мэт. Тэдний нууцыг зохиол болгон олон нийтэд тарааснаар little people дуу хоолойгоо хүргэж чадахаа болих бөгөөд дуу хоолойг сонсдог тэргүүн хүртэл энэ үүргээсээ чөлөөлөгдөхийн тулд Аомамэгээс амийг нь таслахыг гуйдаг.

Хамгийн хачирхалтай нь Тэнго болон Аомамэгийн гарвал үүсэл. Хоёул үзэл бодол үйлдэл үл нийцэх гэр бүлд өсч өндийсөн. Хоёулаа гэр орноо хаяж явахад хүрдэг бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ холбоо бараг байхгүй ганцаардмал уйтгартай амьдралаар магадгүй зөвхөн Япончуудын амьдарч чадах тэр амьдралаар амьдардаг. хэрэв би тийм байдалтай амьдарвал үхсэнтэй өөрцгүй юм. Одоо хэр учир нь ойлгогдоогүй зүйлс их байна. Тэнгогийн ээж түүний уулздаг байсан эгчмэд бүсгүйтэй адилхан байсан. Аавынх нь сүнс Юшикава мөрдөгч, Аомамэ, Фүкаэри нарыг нуугдаж байгаа гэдгийг мэдээд NHK-ийн мөнгө хураагчийн дүрээр байнга хаалгыг нь тогшдог. Нэг бодлын дарамттай.

Энэхүү ном нь миний урьд өмнө уншиж байсан номнуудаас тэс өөр байлаа. Хамгийн ойр жанрыг нэрлэ гэвэл детектив зохиол гэх байна. Номын төгсгөлийг бөөн асуултын тэмдэгээр дуусгасан ч бусдын хүрч болох сэтгэлгээний царыг мэдэх боломж олголоо. Миний бие мөн адил 8 настай байхдаа зэргэлдээ хоёр ертөнц оршин байдаг гэдэгт итгэдэг байсан юм. Миний эргэн тойрон хуурамч эргэн тойрны хүмүүсээ тийм нүдээр харж байсан удаа бий. Ээж ууртай байвал би өөр ертөнцөд байна. Харин жинхэнэ ээж маань нөгөө зэргэлдээ орших ертөнцөд миний хуулбартай хамт хууртагдан байгаа гэж төсөөлдөг байлаа. Энэ төсөөлөл тэр мэдрэмжинд би хэдий итгэхээ больсон боловч нэхэн санах аваас тэр мэдрэмж одоо ч гэсэн миний дэргэд байна.