Wednesday, July 19, 2017

Гучин насны босгон дээр

Хорин таван наснаас хойш шариктдаг гэдэг нь үнэхээр үнэн юм байна аа.

Саяхан л хорин тав хүрч байлаа. Нэг их олон юм бодолгүй тэгсгээд л байж байтал нэг мэдсэн чинь хорин найман настай болсон байна. Жаахан хүүхдүүд гарч ирээд хүнийг хөгшинөөр нь дуудах юм. Гуч хүрч байгаа эмэгтэй гэдэг нэртэй болов шд. 

Шууд шокруулж байгаа юм чинь. 30 хүрч байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөхөд бас тийм ч амар байдаггүй л юм байна. Бүр хүлээн зөвшөөрөхгүй уурлаж нтр хахах. Гэхдээ үнэхээр 30 хүрч байна. Зүгээр ч нэг тоогоор биш. Ер нь залуу сайхан байхаа больж эхэлж байна. Арьсаа байнга арчилж, фитнест явж, хоолны дэглэм барих хэрэгцээтэй болж байна. Өмнө нь хүссэн учраас хийдэг байсан бол одоо зайлшгүй учраас хийдэг болж байна.

Tuesday, June 27, 2017

Өөрчлөлт

Нэлээд түрүүнд MOANA гэдэг хүүхэлдэйн кино үзсэн. Тэр хүүхэлдэй дээр нэг жаахан охин ямар нэг зүйл болохгүй байгааг мэдээд Арлын бурхан Te Fiti -ийн хулгайлагдсан зүрхийг буцааж өгөхөөр аялалд гардаг. Түүнийг хэн ч шахаагүй. Эмээ нь түүнийг чадна гэж мэдэж байсан. Утгыг нь тайлж хэлж өгсөн. Явах эсэх нь зөвхөн охины сонголт байсан.

Тэр охиныг гэрээсээ зугатаагаад аялалд гарахад би яасан гээч. Айсан! Яг надад тохиолдож байгаа юм шиг мэдэрсэн. Би хэзээ ч чадахгүй гэж бодсон.

Өчигдөр Bucket list гэдэг кино үзлээ. Тэр кинон дээр хоёр хөгшин эмнэлэгт танилцдаг. Хоёулаа 6 сар л амьдрах настайгаа мэддэг. Тэр 2 тэр өөр 2 амьдралаар амьдарсан бөгөөд үхэхээсээ өмнө хийж үзэх зүйлсийн жагсаалтыг гаргаж бүгдийг нь хийдэг. За энэ киног үзээд би бас яасан гээч. Хүн яаж бараг танихгүй шахуу дээр нь өөрөөс чинь тэс ийм хүнтэй шууд нөхөрлөөд нэг насны андууд бололцож болдог байнаа гэж бодсон.

"Steve Jobs-ийн илтгэх урлагийн нууц 2" гэсэн номон дээр өөрийгөө хай, ол, хэзээ ч бүү зогс гэж гардаг. Чи тав тухтай бүсийн гадна байгаа ч билүү дээ. Тэгж гардаг. Энэ номыг уншихад бас айдас мэдрэгдсэн.

Saturday, June 24, 2017

Сайн дурын ажил

Залуучууд ер нь сайн дурын ажил хийж үзэх хэрэгтэй. Сайн дурын ажил хийнэ гэхлээр худлаа ПР хийлээ гэж хүмүүс шүүмжилдэг. Гэтэл яг биеэрээ сайн дурын ажил хийж үзэхэд хүн маш их зүйлийг олж авдаг. Хүн хүн байхын утга учир, аз жаргалыг мэдэрдэг. Туул голын дагуу бүтэн өдөр хог түүж үзсэн хүмүүс хэзээ ч хогоо хамаагүй хаяхгүй, хуучин хувцасаа хүнд хандивласан эсвэл хуучин хувцас цуглуулж нэмнээ оёж малчдад өгсөн хүмүүс хувцасаа зүгээр л шатаагаад хаяж чаддаггүй, бусдад туслахын тулд байгаа нөөц бололцоогоо шавхаж үзсэн хүн ажил дээр очоод хэн нэгэнд хүнд суртал гаргаж чадахгүй, гудамжны эсвэл өнчин хүүхэдтэй ярилцаж тэднийг тэвэрч үзсэн хүн гуйлга гуйж буй хүүхэд рүү хялалзахгүй, зуны халуунд мод тарьж ус зөөж усалсан хүмүүс мод тайрч зам өргөсгөе гэж бодохгүй, сайн дураараа бусдад туслахын тулд хандивласан 5000, 10 000 төгрөгнөөс 1000 төгрөг ч дутаая гэсэн сэдэл төрөхгүй.

Одоо энэ нам эвслүүд өөр шигээ бүтэн нэг үеийг бойжуулж байна. Мөнгө, эрх мэдэл, албан тушаалын төлөө худалдагсдыг. Бидэнд хүмүүс хэрэгтэй байна. Тэрнээс мөнгөний боолууд биш. Хэдэн үе өнгөрлөө гээд бүх зүйл өөрчлөгдөнө гэсэн найдлага тийм ч их биш. Мэдээж мөнгө, эрх мэдэл, албан тушаалын араас явалгүй л яахав. Гэхдээ хүн байхаа больж болохгүй. Манай Монголчууд одоо талцаад хэрэлдээд байдаг болчихсон. Улсын их хуралд сайн хүн нэг ч байхаа больчихсон. Элдвээр хэлж гүтгэж хэл амаар доромжилно. Бараг бүгд Хятад гэсэн цолтой. Бид зөвхөн шүүмжилж л чадаж байна. Одооноос өөрчлөлтийг өөрөөсөө хийх хэрэгтэй. Сайн дурын ажил хийж дэргэдээ байгаа хүнийг хайрлая. Үзэн ядахаа больж өөрсдөө хүн болоход төлөвшье. Бусдыг уриалъя. Тэгж чадвал магадгүй улс орны маань хөгжил дэвшил, амар тайван авилга хээл хахуульгүй нийгэм бидэнд илүү ойртох байх.

Ямар ч мөнгө нэхэхгүй, зөвхөн сэтгэлээрээ баян байж сурах нь залуу хүнд хойшид бие хүн болж төлөвшихөд өөрөө өөрийгөө олоход том хөшүүлэг болно. Олон жилийн дараа үхэхдээ би ийм зүйлийн төлөө амьдарсан юм шүү. Мөнгөний төлөө амьдраагүй юм шүү гэж өөрөө өөртөө баярлаж харамсах зүйлгүйгээр амьдаръя. Сайн дурын ажил нь хүнийг хүн болж төлөвшүүлэхээс гадна хүнийг залуу эрч хүчтэй цоглог байлгадаг, сайхан зөв хандлагатай найз нөхөдтэй болгодог, сэтгэлийн өндөр таашаалыг мэдрүүлдэг болмой.




Saturday, March 25, 2017

Монголчууд цахим түүх

Энэ бол нэг аудио ном байгаа юм. 65 мянган төгрөгний үнэтэй 5 ширхэг CD. Энэ номыг хүнээс mp3 руу хөрвүүлж аваад сонсоод дуусгалаа. Тэгээд энэ номын талаар товчхон өгүүлэх гэсэн юм.

Энэ номыг Монгол хүн бүр сонсчихсон байх ёстой номны нэг гэж бодож байна. Хүннүгийн үеээс авхуулаад ардчилсан хувьсгал хүртэлх өнөр баян түүхийг товчхон сонирхолтой өгүүлэх бөгөөд энэхүү аудио номыг сонсох явцад баярлах бахархах, уурлах бухимдах үе нэлээд гарч байлаа. Эртний үеийн түүх одоо бидэнд хадгалагдан ирсэн байгаа хувилбар нь тийм ч дэлгэрэнгүй биш ихэвчлэн сайн сайхан хүчирхэг байсан мэт гарсан байна. Тийм ч дардан замаар яваагүй нь ойлгомжтой байх гэж миний хувьд бодном. Харин сүүлийн үеийн түүх маш тодорхой дэлгэрэнгүй, энэ улс орны тусгаар тогтнол өнөөдөр залуус хойч үе болсон бидний энэхүү Монгол гэж өөрсдийгөө нэрлэх нэр маань ямар их хүнд хэцүү цаг үе, зовлон зүдгүүр өвөг дээдсийн маань алтан амиар боссонг бид бүхэн зайлшгүй мэдэж хүндэлж бахархаж явах зайлшгүй шаардлагатай юм. Намайг сургуульд байхад түүхийг ийм дэлгэрэнгүй орж байгаагүй, одоо эргээд санахад хүний бичнээс хүн болох процессийг хэтэрхий их нуршиж цээжлүүлдэг байж. Түүх гэдэг бол уйтгартай, дүн авах төдий хичээл биш, харин ч бид бүхэн өвөг дээдэстэйгээ хамт байлдаж, уйлж, баярлаж энэ их үнээр олдсон түүх, тусгаар тогтнолыг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах тэр омогших сэтгэлийг түүхийн хичээл дээр суулгах ёстой байсан юм гэж санагдана. Энэ ном бол ердөө хэдхэн цаг л үргэлжилнэ. Энэ хооронд эх орноо хайрлах, өвөг дээдсээ хүндлэх, тэдний алтан амиа зольж үлдээсэн газар нутаг бахархлыг хүндлэх сэтгэл төрж байлаа. Хүн бүр энэ номыг уншаад өнгөрсөн цаг хугацаагаар аялаад ирэхийг хүсч байна.