Амьдралд заримдаа үнэхээр талархууштай зүйлс их тохиолддог. Тэдгээр зүйлсийг тухайн үедээ мэдэрч, үнэхээр сэтгэл хөдөлсөн хэрнээ бараг минутын дотор тэр мэдрэмж замхран алга болно. Өнөөдөр миний юу мэдэрснийг маргаашийн би бараг санахгүй байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ мэдрэмжийг блогтоо мөнхлөн хэзээ нэгэн маргаашийн би эргэж олж уншаад аз жаргалыг мэдрээсэй гэж хүснэм.
Банкинд ажиллаж буй хүмүүс бол яг л робот шиг. Тэд миний онлайнаар эсвэл АТМ-ээр хийж болох гүйлгээг хийж өгнө. Машинаас ямар ч ялгаа байхгүй. Би тэднийг танихгүй тэд намайг танихгүй. Бид бараг мэндлэхгүй. Тэд инээмсэглэх боловч чин сэтгэлээсээ биш. Энэ нь тэднийг роботоос өөрцгүй санагдуулна. Би ч гэсэн тэдний хувьд ажил шиг харагддаг байх. Миний асуудал тэдгээр хүмүүст ямар ч хамаагүй бөгөөд хүнд тусалсныхаа төлөө хариуцлага алдаж хоолноосоо салахыг хэн ч хүсэхгүй. Гэхдээ бид бол хүмүүс. Миний жижигхэн асуудлыг нүдээ аниад өнгөрөөх боломж байсан ч боломж гаргалгаа сүвэгчлэн туслах гэсэн тэр чин сэтгэлд үнэхээр талархаж байна. Эргээд харахад миний асуудал тийм сүртэй байгаагүй ч тэрхэн үед мэдэрсэн тэр аз жаргал хамгийн үнэ цэнэтэй нь юм.
Энд миний ажил хэрхэн бүтсэн талаар бичих гэсэнгүй. Илүү олон хүмүүс бие биедээ туслаасай гэж хүслээ. Яагаад гэвэл аз жаргалыг зөвхөн хүн хүнээс л олж авдаг. Амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Бид бие биедээ сайхан сэтгэл гаргаагүй гээд миний амьдрал нуран унахгүй. Гэхдээ амьдралд тохиолдох жижиг жижиг чимэг зүйлсэд байнга талархаж амьдралын амтыг бусдад түгээвээс энэ нийгэм өөрөө жаргалын орон билээ.
No comments:
Post a Comment