Saturday, July 9, 2016

Хараал идсэн Берлин

Энэхүү номонд Берлинд математикийн чиглэлээр суралцахаар ирсэн Итали Бүсгүйн амьдралын тухай гардаг. Тэрээр Берлинд анх ирээд зөөгч хийдэг байсан ба удалгүй найз залуу болох Ладятай танилцдаг. Ладяг биеэ үнэлдэг гэдгийг мэдмэгцээ дахин ийм зүйл хийхгүй гэсэн ам өчгийг авсан боловч өөрөө эцэст нь байр хоол сургалтын төлбөрөө олох мөн эрхэлсэн ажилгүй найз залуугаа тэжээхийн тулд биеэ үнэлэхээс өөр аргагүй байдалд орно.

Номын ихэнх хэсэгт шөнийн дэнлүүний гудам болон үйлчлүүлэгчдийнх нь тухай гарах ба хэний ч хүсээд байхааргүй тэр ертөнцийн талаар өгүүлэх боловч ном бүхэлдээ маш энгийн үг хэллэг, сонирхолтой өрнөлүүдийг агуулна. Ангийнхаа найзуудаас өөрийн энэхүү хоёрдогч амьдралын тухай нууж, их сургуулиа амжилттай төгсөн төгсгөлд нь эгэл жирийн хүний амьдралаар амьдарч эхэлдэг.

Энэ номноос онцлох санаанууд гэвэл: Секс бол хэрэгцээ бөгөөд хайр сэтгэлтээс ангид. Тоо томшгүй олон залуутай бэлгийн харилцаанд ордог боловч сэтгэлдээ нэг л хүнд үнэнч. Ямар нэг үйлчлүүлэгчид сэтгэл татагдах үедээ Ладяг араар тавьсан мэт болж гэм буруутай санагддаг гэж гардаг. Бараг ихэнх хүмүүс байж боломгүй зүйл гэж хүлээж авах байх.

Өөртөө итгэх итгэл хамгийн чухал. Монголд бол хэнд ч хэрэггүй нэгэн болж ад үзэгдэн өөрийгөө хог шавхруунаас дорд үзнэ. Гэтэл энэ Европчууд яаж ч доошоо орж байсан гэсэн өөртөө итгэх итгэл гэдэг зүйлийг хэзээ ч хаяахгүй хүмүүс болтой. Бүр энэ талаараа ном бичээд алдартай болох жишээний. Энэ номын гол дүрийн эмэгтэйг би бас тийм ч үзэн ядахгүй, харин ч хүндэлж байна. Бодвол тухайн хүний итгэл үнэмшил юу хийж байгаагаас нь чухал байдагт байх. Яг л хэн байсан чинь чухал биш хэн болж чадах чинь чухал гэдэг шиг.

Хүнийг хүн гэж үзэх үзэл. Тэрээр биеэ үнэлэгч байсан. Гэхдээ түүний үйлчлүүлэгчид нь түүнд ямар элэгсэг дотно байна гээч, мэдээж зарим нэг хүмүүсийг эс тооцвол. Бүр нэг үйлчлүүлэгчийнх нь бие муудаад эмнэлэгт хүргүүлсэн чинь эхнэр нь биеэ үнэлэгч рүү нь залгаж дуудаад дотны хүнтэйгээ салах ёс гүйцэтгэж байгаа юм шиг үйл явдал болно. Гэхдээ тэр өвгөний бие сайжирсан бөгөөд гэр бүлийнхэн найз нөхөдтэйгөө оройн хоолонд дотно хүмүүс шиг элэгсэг дотно ярилцаж өнгөрүүлдэг. Ер нь хувцасаа тайлчихсан хүмүүс нууж хаах зүйлгүй хамаг юмаа чалчиж гардаг ба бараг л networking хийгээд байх жишээний. Та хэн байгаад хэнтэй ч харьцаж байж болно. Гэхдээ хүнийг хүн гэж хүндэлж харьцах нь хамгийн сайхан.

Ажил хийнэ гэдэг бол сургалт. Сониа сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллах анхны ажлын ярилцлагад орно. Тэрээр гайхалтай тайван бас харилцагчаа үгэндээ оруулах чадвар төгсөөр бүх асуултанд хариулж ажлын ярилцлагадаа шууд тэнцдэг.

Ханиа зөв сонгоход хэзээ ч оройтохгүй. Ладя, Сониа хоёр бие биенийхээ асуудалд оролцохоо больсноос эхлэн тэдний харилцаа аажмаар хөндийрдөг. Энэ номонд Ладя заваан залхуу, ажилгүй, амьдралын зорилгогүй нөхөр гэж гардаг. Гэхдээ энэ бүхэнд Сониа өөрөө ч буруутай байж магад. Амьдралаа залгуулахын тулд хэрхэх талаар Ладятай огт зөвлөлдөлгүй, бүх ачааллыг өөр дээрээ авч байсан нь Ладяг тийм байдалтай болгосон ч байж мэднэ. Нөгөө талаар Сониа Ладятай учирснаас хойш л биеэ үнэлэгч болсон. Нэгэнт түшиггүй залуугаас эрт салсан бол ийм зүйл хийж амьдрах шаардлагагүй байсан ч байж болох юм. Нүдэндээ бүү итгэ, мулгуу сэтгэл зүрхээ бүү дага.

1 comment: